Холимог тулааны ертөнцөд «The Damage» хочоороо алдаршсан UFC-ийн ахмад тулаанч Даррен Элкинс өөрийн спортын карьераа албан ёсоор өндөрлөлөө. Тэрээр 42 насандаа UFC Vegas 120 тэмцээний хүрээнд залуу тулаанч Ядьер дель Валлетэй тулалдаж, зодог тайлах ёслолоо хийсэн юм.

Тулаан эхлээд удаагүй байхад Ядьер дель Валле хүчтэй цохилт хийж, Элкинсийг хүнд байдалд оруулснаар тулаан эрт өндөрлөсөн байна. Ийнхүү 15 гаруй жил октагонд хүч үзсэн туршлагатай тамирчин маань сүүлчийн тулаанаа ялагдлаар дуусгав. Тэрээр нийт 42 тулаан хийж, 19-12 гэсэн амжилттайгаар UFC-ийн түүхэнд нэрээ үлдээж байна.

Тулааны дараах ярилцлагадаа Элкинс сэтгэл хөдлөлөө хуваалцахдаа: «Талархалтай байна. Төгсгөл нь миний хүссэнээр болоогүй ч амьдрал ийм л байдаг. Би үргэлжлүүлэн урагшлах болно. Би амьдралдаа ялагдахгүй. Энэ бол 17 жилийн урт аялал байлаа» хэмээн ярьжээ.

Түүний хувьд зодог тайлах шийдвэр гэнэтийн зүйл байгаагүй юм. Тэрээр өмнө нь өгсөн ярилцлагадаа бие махбод нь нас ахихын хэрээр гэмтэл бэртэлд өртөмтгий болж, бэлтгэл сургуулилт хийхэд улам бүр хүндрэлтэй болж байгааг хүлээн зөвшөөрч байсан билээ. Тиймээс тэрээр спортоос чимээгүйхэн явахыг хүсээгүй бөгөөд октагон дотор өөрийн хүслээр бээлийгээ тайлахыг зорьсон юм.

Элкинс нь 2010 онд UFC-д анхны тулаанаа хийж байсан бөгөөд карьерынхаа туршид олон хүнд сорилтуудыг давж ирсэн. 2014 онд карьер нь дуусах дөхсөн гэж үзэж байсан ч багш нараа сольж, дараалан зургаан ялалт байгуулж байсан түүхтэй. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчиддээ хандан «Өөрөөсөө хэзээ ч бүү шантар, үргэлж урагшил» хэмээн захижээ.