Украин улс энэ долоо хоногийн эхээр Оросын дата төвүүдэд цохилт өгсөн явдал нь эдгээр томоохон байгууламжууд дайны бай болж байгааг санууллаа. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Ираны цэргийнхэн Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Amazon-ы дата төвүүдэд халдсаны улмаас уг байгууламж хэдэн сарын турш ажиллах боломжгүй болсон байна.
АНУ-ын хувьд дайны ийм төрлийн халдлага хол мэт санагдаж болох ч дата төвүүд нь биет болон дижитал халдлагын хувьд үнэ цэнтэй бай хэвээр байгааг Жоржтауны их сургуулийн кибер аюулгүй байдлын туслах багш Чарльз Брүүкс мэдэгджээ. Тэрээр "Таны онлайнаар хийдэг бүх зүйл дата төв рүү очдог" хэмээн онцолсон байна. Жирийн хэрэглэгчийн Netflix үзэх, Google Docs ашиглах, цахим банкаар гүйлгээ хийх зэрэг үйлдэл нь дата төвүүдэд байрлах серверүүдэд тулгуурладаг. Түүнчлэн засгийн газар, эрүүл мэнд, санхүүгийн байгууллагууд болон Дэлхий-сансрын харилцаа холбоонд ч эдгээр төв нэн чухал үүрэгтэй аж.
Энэ шалтгаанаар төрийн дэмжлэгтэй хакерууд болон гэмт бүлэглэлүүдийн хувьд дата төвөөс нууц мэдээлэл хулгайлах эсвэл үйл ажиллагааг нь тасалдуулах сонирхол нэмэгджээ. Хэрэв АНУ-ын дата төвд халдлага гарвал энэ нь сүйрлийн үр дагавартай байж болзошгүйг Брүүкс анхааруулав.
АНУ-ын дата төвүүдэд тулгарч буй аюулууд
Америкийн дата төв рүү гадаадын дроноор халдах магадлал тун бага боловч тэсрэх бөмбөг ашиглан биет байдлаар нэвтрэх бай болж болзошгүй гэж үзэж байна. Ийм халдлага нь хиймэл оюун ухааныг эсэргүүцэгч бүлэглэлүүдэд бэлгэдлийн шинж чанартай ялалт болж магадгүй юм. Тиймээс Брүүкс хяналтын камер, дохиоллоос гадна цахилгаанжуулсан хамгаалалтын хашаа, харуулын хамгаалалт, хяналтын төв болон ус хөргөлтийн системийг хамгаалах бүс бий болгохыг зөвлөжээ.
Түүнчлэн хамгийн өндөр эрсдэлтэй аюул нь барилга руу нэвтрэх зөвшөөрөлтэй дотоод ажилтан байх магадлалтай гэв. Сэтгэл дундуур байгаа, өрсөлдөгч талын санхүүжилт авсан эсвэл санамсаргүй алдаа гаргасан ажилтан эмзэг мэдээллийг гадагш задруулах эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд хиймэл оюуны хяналт ашиглах, эмнэлэг болон цахилгаан станцын ажилтнууд шиг нарийн шалгалт хийхийг санал болгосон байна. Мөн халдагчид хиймэл оюуны хэрэгсэл ашиглан халдлагын цар хүрээгээ улам тэлэх боломжтой болжээ.