Диснейн студийн бүтээлүүдийн нэг болох 2009 оны "Гүнж ба мэлхий" хүүхэлдэйн киноны гол дүр Тианаг амьд жүжигчдийн дүрээр дэлгэцэнд амилуулахаар төлөвлөж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Эмми болон Оскарын шагналд нэр дэвшигч, жүжигчин Колман Доминго болон Тонигийн шагналд нэр дэвшсэн найруулагч Роберт О'Хара нар хэлэлцээ хийж байгаа талаар Deadline мэдээллээ.
Анхны хүүхэлдэйн кинонд Нью-Орлеанс хотын зоогийн газарт ажилладаг, өөрийн гэсэн ресторан нээхийг мөрөөддөг Тиана хэмээх бүсгүйн түүхийг өгүүлдэг. Гэвч тэрээр Малдониягийн хунтайж Навинтай хамт мэлхий болон хувирч, Луизиана мужийн намгархаг газраар аялах адал явдалтай учирдаг билээ. Киноны төгсгөлд тэд хүн төрхөндөө эргэн орж, гэрлэхийн зэрэгцээ Тиана өөрийн мөрөөдлийн ресторан болох "Tiana's Palace"-аа нээдэг.
Гэсэн хэдий ч энэхүү шинэ төсөл нь Диснейн өмнөх амьд дүртэй кинонуудын адилаар хуучин хүүхэлдэйн киног яг тэр чигээр нь хуулбарлахгүй байх төлөвтэй байна. Одоогоор маш эрт шатандаа яваа уг бүтээл нь хуучин түүхийг давтахын оронд анхны санаа бүхий спин-офф буюу тусдаа өрнөх шинэ түүх байх аж. Үүнтэй төстэй арга барилыг "Гоо үзэсгэлэн ба араатан" киноны Гастоны дүртэй холбоотой төсөл дээр мөн хэрэгжүүлж байгаа билээ.
Сүүлийн үед Диснейн хуучин хүүхэлдэйн кинонуудыг амьд дүрээр дахин бүтээх нь үзэгчдийн сонирхлыг татахаа больж, зарим бүтээлүүд нь санхүүгийн хувьд амжилт муутай байгаа нь ажиглагдаж байна. Гэвч "Лило ба Стич" зэрэг зарим төслүүд амжилт олж байгаа нь үзэгчдийн дунд тодорхой хэмжээний эрэлт байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэхүү шинэлэг хандлага нь Диснейд шинэ боломж авчрах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.