Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн хатан хаан гэгддэг, олон сая шүтэн бишрэгчтэй Америкийн дуучин Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” (Toy Story 5) киноны төсөлд нууцаар оролцсон нь саяхан ил боллоо. Тэрээр тус кинонд зориулж “I Knew It, I Knew You” хэмээх шинэ дууг бичсэн бөгөөд Дисней студи энэхүү мэдээллийг олон нийтээс чандлан нууцалж байсан юм.
Киноны уран бүтээлчид болон студийн удирдлагууд энэ нууцыг задруулахгүйн тулд тун өвөрмөц арга хэрэглэжээ. Тэд киноны зохиол болон хөгжмийн хэсэгт Тейлор Свифтийн оролцоог илтгэх ямар ч зүйл үлдээгээгүй бөгөөд үүний оронд “хуурамч хувилбар” (decoy version)-ыг бэлтгэж, төөрөгдүүлсэн байна. Ингэснээр зураг авалт болон хөгжмийн бичлэгийн явцад мэдээлэл алдагдахаас бүрэн сэргийлж чаджээ.
Тейлор Свифт нь өөрийн дуунуудаараа дамжуулан дэлхий даяар олон тэрбум сонсогчдыг байлдан дагуулж, хөгжмийн салбарт түүхэн амжилтуудыг тогтоосоор байгаа нөлөө бүхий уран бүтээлч юм. Түүнийг ийнхүү хүүхэлдэйн киноны ертөнцөд хүч үзэж байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд гэнэтийн бөгөөд таатай үйл явдал боллоо.
“Тоглоомын түүх” цуврал нь Дисней болон Пиксар студийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд тавдугаар анги нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд байна. Свифтийн оролцоотой энэхүү дуу киноны өнгө аясыг хэрхэн чимэхийг харах л үлдлээ.