Их Британийн алдарт дижей, хөгжмийн продюсер Карл Кокс хөгжмийн урлагт оруулсан онцгой хувь нэмрийнхээ төлөө Британийн эзэнт гүрний офицерын зэргийн одон буюу OBE шагналаар шагнагдлаа. Түүнд уг шагналыг Виндзор шилтгээнд болсон ёслолын үеэр хаан Чарльзын ууган хүү хунтайж Уильям гардуулан өгсөн байна.
Энэ оны зургаадугаар сард гарсан Хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн жагсаалтад Карл Коксын нэр багтсан байсан юм. Шагналаа гардан авсныхаа дараа тэрээр нийгмийн сүлжээндээ сэтгэгдлээ хуваалцахдаа: “Өнөөдөр миний хувьд ямар утга учиртайг үгээр илэрхийлж чадахгүй нь. Хөгжим бол миний бүх амьдрал байсаар ирсэн. Дурлаж хийсэн зүйлээ бараг 50 жил хийснийг минь үнэлж, Виндзор шилтгээнд хунтайж Уильямаас энэхүү одонг авна гэдэг төсөөлж байснаас ч илүү явдал” хэмээн онцолжээ.
Карл Кокс бол хаус болон техно хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг, дэлхийн анхны супер од дижей нарын нэг юм. Тэрээр гурав болон дөрвөн пянз тоглуулагч зэрэг ашиглан холимог хийх техникийг төгс эзэмшсэнээрээ алдартай билээ. Мөн тэрээр 1999 онд өөрийн дуу бичлэгийн лейбл болох Intec Records-ийг үүсгэн байгуулж байв. Цар тахлын үеэр тэрээр “Oh Yes, Oh Yes!” нэртэй өөрийн намтар номоо бичиж дуусган, уг ном нь 2021 оны наймдугаар сард White Rabbit хэвлэлийн газраас хэвлэгдэн гарч байжээ.
Тэрээр мөн “Бүжгийн хөгжмийг ийм байдлаар үнэлж байгаад туйлын их бахархаж байна” хэмээн дурдаж, олон жилийн турш түүнийг дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд болон хөгжим сонирхогчдодоо талархал илэрхийлсэн байна.