АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан анхааруулга гаргалаа. Тэрээр Америкийн компаниудын дижитал үйлчилгээнд татвар ногдуулсан аливаа улс орны импортын бараанд 100 хувийн татвар ногдуулахаа сүрдүүлсэн байна.
Трамп энэхүү мэдэгдлээрээ дамжуулан АНУ-ын компаниудад татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж буй Европын орнуудыг онилжээ. Түүний хэлснээр, эдгээр улс орнууд татвар ногдуулах ажиллагааг “ойрын хугацаанд” хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь ч дижитал үйлчилгээний татвараас сэргийлэх зорилгоор тарифын арга хэмжээг ашиглах байр суурийг удаа дараа илэрхийлж байсан юм. Гэвч олон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаа нь улам бүр дижитал орчинд шилжиж байгаа энэ үед төсвийн орлогоо нэмэгдүүлэх арга замыг идэвхтэй хайсаар байна.