АНУ-д хиймэл оюун ухааны дэд бүтцийн төслүүд олноор нэмэгдэж байгаатай холбогдуулан байгаль орчны сүйрэл, дуу чимээний бохирдол болон усны нөөцийн хомсдолд санаа зовнисон иргэдийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрээд байна. Олон нийт өөрсдийн оршин суугаа бүс нутагтаа дата төв бариулахыг хүсэхгүй байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг үл харгалзан дата төвүүдийг эрс дэмжиж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр өөрийн Truth Social сүлжээндээ дата төвийг "алтан өндөг гаргадаг галуу" хэмээн тодорхойлсон байна. Трамп нийтлэлдээ "АНУ даяар орон нутгийн иргэд дата төвийг эсэргүүцэх цорын ганц шалтгаан бол хоцрогдсон бөгөөд ядуу үлдэх хүсэл юм. Хэрэв тэд бага татвартай, ажлын байраар дүүрэн, амжилттай бөгөөд баян байхыг хүсэж байвал Дата-д боломж олго" хэмээн бичжээ.
Хятадтай хийх өрсөлдөөн ба дэмжлэг
Трамп саяхан Цагаан ордонд криптовалютын салбарын удирдагчидтай уулзах үеэрээ хэрэв өөрөө хотын дарга эсвэл мужийн захирагч байсан бол дата төв эсвэл хиймэл оюун ухааны үйлдвэрийг заавал байгуулах байсан, учир нь ажлын байр болон төлөгдөх татвар нь асар их гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Washington Post хэвлэлд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр хиймэл оюун ухаан болон дата төвүүдэд холбооны зохицуулалтын хязгаарлалт тавихгүй байх нь Трампын хувьд маш хувийн шинжтэй байр суурь бөгөөд түүний бодлыг өөрчлөх боломжгүй ажээ.
Трамп Хятадтай өрсөлдөх хиймэл оюун ухааны үндэсний дэд бүтцийг байгуулах зорилго тавьж байгаа бөгөөд 8-р сарын 31-ний нийтлэлдээ "Хятад улс дата төвийн эсрэг энэ хөдөлгөөнд хамгийн их баярлаж байна. Үнэндээ тэд ийм зүйл болж байгаад итгэж чадахгүй суугаа" гэж дурдсан байна.
Засгийн газрын бодлого
Илон Маскийн эзэмшдэг X платформ саяхан дата төвийн эсрэг үзэл бодол түгээдэг 200,000 хаягтай бот сүлжээг илрүүлсэн гэж мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэл нь OpenAI-ийн хийсэн судалгаанд үндэслэсэн бололтой байгаа бөгөөд OpenAI-ийн тайланд зарим бот хаягууд тэдний хэрэгслийг ашиглан агуулга үүсгэж байсны зэрэгцээ эрчим хүчний асуудлаарх бодит мэдээг хуваалцаж байсныг заажээ.
Трампын засаг захиргаа хиймэл оюун ухааны дата төвүүдийн холбооны зөвшөөрөл олгох явцыг түргэсгэх захирамжид өнгөрсөн жил гарын үсэг зурж байсан юм. Мөн цахилгааны сүлжээнд холбогдох асуудлыг хурдасгах, дата төвийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг шинэ химийн бодисуудын зөвшөөрлийг дэмжин ажиллаж байна. Түүнчлэн орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд хиймэл оюун ухааны томоохон компаниудтай эрчим хүчний сүлжээний зардлыг нөхөх амлалтыг (Ratepayer Protection Pledge) зарлаад байна.