АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Ираныг Ормузын хоолойд явж байсан ачааны хөлөг онгоц руу дроноор довтолсон гэж мэдэгдлээ. Тэрээр энэ үйлдлийг АНУ-тай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг “тэнэг байдлаар зөрчсөн” хэрэг хэмээн тодорхойлсон байна.

Трампын мэдээлснээр, нэг дрон хөлөг онгоцны дээд тавцан дээр унаж хохирол учруулсан боловч хөлөг онгоц үргэлжлүүлэн явах боломжтой хэвээр байгаа ажээ. Мөн АНУ-ын зүгээс тус хөлөг онгоц руу чиглэж байсан өөр гурван дроныг унагасан гэдгээ тэрээр онцолсон байна.

Трамп өөрийн сошиал хуудсаар дамжуулан уг мэдэгдлийг хийсэн боловч халдлагад өртсөн хөлөг онгоцны нэр болон халдлага болсон цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч пүрэв гарагт Британийн цэргийнхэн нэгэн хөлөг онгоц халдлагад өртсөн тухай мэдээлж байжээ.