АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрт нь холбогдох дуугүй байхын тулд мөнгө төлсөн гэх хэргийн ялыг хүчингүй болгуулахаар муж болон холбооны шүүхэд давж заалдаад байна.
Нью-Йорк муж улсын давж заалдах шатны шүүх түүний түүхэн ялыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг сонссоны дараа АНУ-ын Холбооны давж заалдах шатны шүүх уг хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжтой эсэх болон оролцох ёстой эсэхийг авч үзэж байгаа аж.
Даваа гарагт АНУ-ын Холбооны давж заалдах шатны 2 дугаар тойргийн шүүхийн гурван шүүгчээс бүрдсэн бүрэлдэхүүн Трампын өмгөөлөгч болон мужийн прокуророос нэг цаг гаруй хугацаанд асуулт асууж, байр суурийг нь сонссон байна. Энэ нь ерөнхийлөгчийн зүгээс уг хэргийг мужийн шүүхээс холбооны шүүх рүү шилжүүлэх гэсэн хамгийн сүүлийн үеийн оролдлого бөгөөд холбооны түвшинд шилжүүлснээр хэргийг бүрэн хэрэгсэхгүй болгох боломж бүрдэж магадгүй юм.