Алдарт реппер Дрейк Торонто хотын "Casa Loma" харшид өөрийн гурав дахь удаагийн "Strong Women, Stronger Drinks" арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь өөрийн амьдралд чухал байр суурь эзэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих, урам зориг өгөх зорилготой юм.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эмэгтэй бүрийг 1,000 ам.долларын бэлэн мөнгөн бэлэг угтаж авсан байна. Дрейк хэлсэн үгэндээ, энэ санааг 2007-2008 оны үед оролцож байсан "What Women Want" хэмээх эмэгтэйчүүдийн сүлжээний арга хэмжээнээс сэдэвлэн бүтээсэн гэдгээ дурджээ. Тэрээр тухайн үед эмэгтэйчүүд хоорондоо танилцаж, мэдлэг солилцдог байсан тэрхүү уур амьсгалыг өөрийн арга хэмжээгээр дамжуулан үргэлжлүүлэхийг зорьсон байна.
Энэ үдэш Дрейк оролцогчдод 50,000 болон 100,000 ам.долларын шагнал гардуулж, тансаг зэрэглэлийн автомашинуудыг сугалаагаар тодруулжээ. Тухайлбал, нэгэн эмэгтэй цоо шинэ BMW машин хожсон бол Торонто Рапторс багийн сурвалжлагч Кайла Грей Mercedes Benz G-wagon хүлгийн эзэн болсон байна.
Дрейкийн хувьд 2026 он маш завгүй жил болж байгаа бөгөөд тавдугаар сард гаргасан "ICEMAN", "HABIBTI", "MAID OF HONOUR" нэртэй гурвалсан цомог нь түүнийг "Billboard 200" чартын эхний гурван байрыг нэгэн зэрэг эзэлсэн анхны уран бүтээлч болгосон юм.