Торонтогийн рэппер Дрэйк үнэт эдлэлийн цуглуулгадаа дахин нэг содон зүүлт нэмсэн бололтой. Тэрбээр өнгөрсөн шөнө Kick тавцан дээр Stake-ээр мөрийтэй тоглоом тоглох шууд дамжуулалтынхаа эхэнд хуучин лейблийн босс Бөрдмэнээс (Birdman) авсан гэх Cash Money-гийн цагаан алтан зүүлтээ үзүүлжээ.

Шууд дамжуулалтын үеэр тэрбээр хамт тоглож байсан найз, комедиан BenDaDonn болон өөрийгөө дурдаж, шинэ зүүлтээрээ бахархсан байна. Тэрбээр чат дахь үзэгчдэд хандан: "Та нар бидний эд зүйлсийг өөрсдийнх шигээ худалдаж авч чадна гэж бодоо юу? Үгүй ээ, энэ бол гэр бүлийн хүрээний зүйл" хэмээн хэлжээ.

Өмнө нь Дрэйк 2023 онд продюсер Фаррелл Уильямсын (Pharrell Williams) үнэт эдлэлүүдийг дуудлага худалдаанаас авч, "Jumbotron Sh-- Poppin" болон "Family Matters" клипэндээ харуулж байсан билээ. Мөн тэрбээр Трэвис Скоттын "Meltdown" дуунд оролцохдоо тэдгээрийг хайлуулсан хэмээн дурдсан удаатай. Харин Виржиниагийн продюсер Фаррелл эдгээр үгсэд эмзэглэхгүй байгаагаа илэрхийлж, "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Дрэйкийг хөгжмийн болон түүхийн үнэнч шүтэн бишрэгч хэмээн тодорхойлсон байдаг.

Түүнчлэн Дрэйк тус шууд дамжуулалтын үеэр FOMO богино хэмжээний кинонд багтсан зарим цацагдаагүй дуунуудаа пүрэв гаргийн орой стриминг платформуудад байршуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.