Америкийн алдартай R&B дуучин Нивиа "CadillacChroniclesTV" сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ эрүүл мэндийнхээ талаарх гунигтай мэдээг хуваалцлаа. Атланта хотоор аялж явахдаа өөрийн хуучны хит дуунууд болон шинэ уран бүтээлээсээ сонирхуулсан түүнд хөтлөгч Брайан Фримен юунд хамгийн их талархаж явдаг талаар асуухад тэрээр энэхүү хүнд өвчнөө илчилсэн байна.

"Би энэ оны эхээр лейкеми буюу цусны хорт хавдартай гэж оношлогдсон. Гэхдээ би Бурхандаа маш их талархаж байна" хэмээн тэрээр ярьжээ. Түүний хэлснээр эмчилгээний үйл явц одоогоор сайн үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч ийм байх болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр амьдралынхаа үнэ цэнийг илүүтэй ойлгож, талархалтайгаар амьдрахыг хичээж байгаагаа онцолсон байна.

Дөрвөн хүүхдийн ээж, 44 настай уран бүтээлч маань өвчнөөс үл хамааран эерэг хандлагыг хадгалж, уран бүтээлдээ эргэн орохоор шаргуу ажиллаж байна. Тэрээр одоогоор аудио инженерчлэлийн сургуульд суралцаж байгаа бөгөөд дуу хөгжмийн найруулга, инженерчлэлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах нь түүний удаан хугацааны хүсэл байжээ.

Нивиа одоо өөрийн хүссэн зүйлээ хийхийн зэрэгцээ хүүхдүүддээ илүү их цаг гаргаж, хором мөч бүрийг үнэлэн амьдрахыг эрхэмлэж байна. Хэдийгээр тэрээр яг ямар төрлийн цусны хорт хавдартай байгаагаа тодорхой дурдаагүй ч өөрийн амьдралын хэв маяг болон сэтгэл зүйн хувьд маш эерэг байр суурьтай байгаа юм.