Дэлхийн чансааны номер нэг гольфчин Скотти Шеффлер Даллас дахь өөрийн бэлтгэл хийдэг клубтээ энгийн тоглолт хийж явахдаа өсвөрийн тоглогчдод тусгайлан цаг гаргаж, баяр хүргэсэн тухай PGA Tour-ийн тоглогч асан Колт Ност ярилаа. Түүний хэлснээр энэ явдал ямар нэгэн камергүй орчинд болсон байна.
Колт Ностын SiriusXM PGA Tour радио болон "Subpar" нэвтрүүлгээр ярьснаар, тэд өнгөрсөн баасан гарагт Royal Oaks Country Club-т нөхөрсөг тоглолт хийж байжээ. Энэ үеэр Шеффлер талбайн ойролцоо бэлтгэл хийж байсан таван өсвөрийн тамирчныг харсан бөгөөд тэднийг өөрийнх нь төгссөн Хайланд Парк сургуулийн хүүхдүүд байх хэмээн Ност таамагласан байна. Скотти тэдэн рүү хандан клубийн өсвөрийн аварга болсон хүүхэд энд байгаа эсэхийг асуужээ.
Түрүүлсэн хүүхэд тодормогц Шеффлер шууд очин гар өргөн мэндчилж (high-five), түүнийг тэврэн аваад “Чи үнэхээр мундаг байлаа. Чиний түрүүлснийг сонсоод маш их баярласан шүү” хэмээн баяр хүргэсэн аж. Мөн тэрээр тоглолтынхоо дундуур хүүхдүүдтэй хэдэн минут ярилцаж цаг гаргажээ. Ност энэ үйл явдлыг хүмүүс тэр бүр мэддэггүй онцгой агшин гэдгийг онцлоод, хүн бүр тоглолтоо түр зогсоогоод хүүхдэд ингэж урам өгөөд байдаггүй хэмээн сайшаасан байна.
Скотти Шеффлер бага насандаа уг Royal Oaks клубт бусад мэргэжлийн тамирчдаас суралцаж, тус талбайд бэлтгэл хийхийг мөрөөддөг байжээ. Тэрээр 2013 оны U.S. Junior Amateur-т түрүүлж, 2012-2014 оны хооронд Техас мужийн гурван удаагийн аварга болж байсан түүхтэй.
Мөн Шеффлер хүүхдүүдэд туслах үйлсэд идэвхтэй оролцдог. Тэрээр 20 насандаа нас барсан багын найз Жэймс Раганыхаа үүсгэн байгуулсан "Triumph Over Kid Cancer" сантай хамтран ажилладаг бөгөөд 2014 онд Раганыг нас барсны дараа тус байгууллагад зориулан хандивын арга хэмжээ зохион байгуулж байжээ.