Энэтхэгийн далайд орших, хүн хөл тавих нь ховор, онгон дагшин байгальтай Грейт Никобар арал дээр тус улсын засгийн газар 9 тэрбум долларын өртөгтэй мега төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төлөвлөгөөнд олон улсын хэмжээний томоохон боомт, нисэх онгоцны буудал, эрчим хүчний станц болон орчин үеийн хот байгуулах ажил багтаж байгаа юм.

Энэтхэгийн эрх баригчид энэхүү төслийг бүс нутгийн эдийн засгийг тэлэх, стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байна. Гэвч байгаль орчны шинжээчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид энэхүү бүтээн байгуулалт нь тус арлын эмзэг экосистемд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй гэж сэрэмжлүүлж байна. Ялангуяа арлын өтгөн ширэнгэн ойг сүйтгэх нь олон зууны турш тусгаарлагдмал амьдарч ирсэн уугуул иргэдийн амьдрах орчинд шууд аюул учруулж байгааг тэд онцолж байна.

Грейт Никобар арал нь ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд багтдаг бөгөөд олон төрлийн ховор амьтан, ургамлын өлгий нутаг юм. Төслийн хүрээнд хэдэн сая мод огтлох шаардлагатай болох нь тогтоогдсон нь байгаль хамгаалагчдын дургүйцлийг ихээр хүргэж байна. Шүүмжлэгчид энэхүү бүтээн байгуулалтыг эдийн засгийн ашгийн төлөө байгаль дэлхийг золиосолсон “экологийн сүйрэл” хэмээн нэрлэж байна.

Одоогоор Энэтхэгийн Засгийн газар төслийн бэлтгэл ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байгаа ч олон улсын байгууллагууд болон нутгийн иргэд төслийн нөлөөллийн үнэлгээг дахин нягтлахыг шаардсаар байна. Хөгжил дэвшил болон байгаль орчны тэнцвэрт байдал хоёрын хоорондох энэхүү зөрчил нь дэлхий дахинд тулгарч буй томоохон сорилтуудын нэг болоод байна. Залуучууд бидний хувьд ирээдүйн хөгжил нь байгаль орчныг үл тоомсорлох ёсгүй гэсэн байр суурьтай байна.