Дэлхийн теннисний чансааг тэргүүлэгч, Беларусийн тамирчин Арина Сабаленка сүүлийн үед талбай дээрх амжилт нь буурч, сэтгэл зүйн хүндрэлтэй тулгараад байгаа билээ. Тэрээр “теннисээс түр холдож, сэтгэл зүйн хувьд амрах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийхээ дараа эх орондоо очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан байна.

Сабаленка өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээж Юлиа болон эгч Тонечкатайгаа авахуулсан зургаа хуваалцаж, “Сайн хүмүүсийн дунд” хэмээн бичжээ. Зураг дээр түүний ээж охиныхоо үсийг сүлжиж өгч буй дотно мөчүүд харагдсан байна. Энэхүү айлчлалын үеэр тэрээр өөрийн сүйт залуу, Бразилийн бизнесмэн Георгиос Франгулис-ийг гэр бүлийнхэнтэйгээ анх удаа танилцуулжээ. Хосууд 2024 онд бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд танилцаж, улмаар сүй тавьсан бөгөөд 2027 онд хуримаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Дэлхийн шилдэг тамирчин маань Францын нээлттэй тэмцээн болон Уимблдоны тэмцээнүүдэд эрт хасагдсаны дараа сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байгаагаа илэрхийлж байв. Ялангуяа Диана Шнайдер болон Наоми Осака нарт хожигдсоны дараа тэрээр талбай дээрх сэтгэл хөдлөлөө хянах тал дээр асуудалтай байгаагаа хүлээн зөвшөөрч, теннисээс холдох тухай хүртэл бодож байгаагаа дурджээ.

Сабаленкагийн хувьд сүүлийн хоёр улирлын турш их дуулга тэмцээнүүдэд тогтвортой амжилт үзүүлж, дараалан 14 удаа шөвгийн наймд шалгарсан амжилт нь саяхан тасалдсан юм. Одоо тэрээр АНУ-ын нээлттэй тэмцээний өмнө сэтгэл зүйн хувьд бүрэн сэргэж, талбай дээрх тоглолтоо сайжруулахыг зорьж байна.