АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг цагдаа болон тагнуулын байгууллагын албан тушаалтнууд хуйвалдаан зохион байгуулсан эсэхийг шалгаж буй прокурорын багт шинэ гишүүн нэмэгдлээ. Консерватив үзэлтэн, хуулийн профессор Жон Юү энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд зөвлөхөөр болсныг Associated Press агентлагт өгсөн цахим шуудангаараа дамжуулан баталжээ.
Профессор Жон Юү нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөн хүрээтэй гэж үздэг үзэл баримтлалаараа олонд танигдсан нэгэн юм. Тэрээр есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараах үед байцаалтын хатуу аргуудыг зөвтгөсөн “эрүүдэн шүүхтэй холбоотой санамж бичиг” гэгддэг баримт бичгүүдээрээ олон арван жилийн турш олны анхааралд байсаар ирсэн.
Тэрээр тус мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хууль зүйн яамны хуучин прокурор Жо диГеноватай хамтран ажиллах юм. Жо диГенова нь Ерөнхийлөгч Трампын эсрэг чиглэсэн хуйвалдаан байсан эсэхийг тогтоох зорилготой прокурорын багийг ахалж байгаа ажээ.