Америкийн кантри болон рок хөгжмийн ертөнцийн од, “Save Me” дуугаараа олонд танигдсан дуучин Желли Ролл (Jelly Roll) Нэшвилл хотод болсон Spotify House-ийн арга хэмжээний үеэр Майли Сайрусын алдарт “Flowers” дууг дуулж олны анхаарлыг татлаа.
Тэрээр уг дууг өөрийн өвөрмөц, баргил хоолой болон кантри хэв маягт оруулан дуулсан нь сонсогчдод шинэлэг мэдрэмж төрүүлсэн юм. Желли Ролл энэхүү дууг тайзан дээр дуулж байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Stagecoach” хөгжмийн фестивалийн үеэр ч мөн олны өмнө толилуулж байсан билээ. Тэр ч бүү хэл, дуучин маань эхнэр Bunnie XO-тойгоо хамт тайзны арын өрөөнд уг дууг дуулж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд хуваалцаж, шүтэн бишрэгчдийнхээ талархлыг хүлээж байсан удаатай.
Желли Ролл нь өөрийн амьдралын хүнд хэцүү үе, сэтгэлийн шархыг дуу хөгжмөөрөө дамжуулан илэрхийлдэг гэдгээрээ алдартай. Тиймдээ ч Майли Сайрусын хүчирхэг, бие даасан байдлыг илтгэсэн “Flowers” дууг тэрээр өөрийнхөө өнгө аясаар “чимэглэж”, илүү амьд, илүү мэдрэмжтэй болгон хувиргаж чадсан нь түүний уран бүтээлч чадварыг дахин нэг баталлаа.
Нэшвилл хотын хөгжмийн тайзнаа болсон энэхүү тоглолт нь түүнийг зөвхөн өөрийн дуугаар бус, бусад уран бүтээлчдийн хит дууг ч өөрийнх болгон “амилуулж” чаддаг авьяаслаг нэгэн гэдгийг дахин харууллаа.