Австралийн рок хөгжмийн домог болсон Rose Tattoo хамтлагийн гоцлол дуучин Энгри Андерсон (жинхэнэ нэр нь Гэри Андерсон) зүрхний шигдээс болсноос хэдэн долоо хоногийн дараа 79 насандаа таалал төгсжээ. Түүний гэр бүлээс гаргасан мэдэгдэлд Андерсон 2026 оны есдүгээр сарын 21-ний Даваа гарагийн өмнөх орой Австралид гэр бүл, дотнын хүмүүсийнхээ хүрээлэлд ертөнцийн мөнх бусыг үзүүлснийг дурдсан байна.
Үүнтэй холбогдуулан түүний олон жилийн дотнын найз, рок дуучин Жимми Барнс Андерсоны дурсгалыг хүндэтгэн Rose Tattoo хамтлагийн 1981 оны “Assault & Battery” цомогт багтсан “Rock ’n’ Roll Is King” дууны ковер хувилбарыг олны хүртээл болголоо. Барнс уг дууг Андерсоныг нас барахаас өмнө өөрийн шинэ цомогтоо зориулан бичүүлсэн байсан бөгөөд найздаа энэ тухайгаа ярихад тэрээр маш их баярлаж хүлээж авсан байжээ.
Барнс уг ковер дуунаас олох бүх орлогыг Австралийн хөгжмийн салбарын буяны байгууллага болох Support Act-д хандивлахаар шийдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ өөрийн Cold Chisel хамтлагийн эхэн үеэс эхлэн Rose Tattoo-тэй тайз, техник хэрэгсэл, багийнхнаа хуваалцаж явсан олон жилийн нөхөрлөлөө дурсаж, Андерсоныг “миний найз, зэвсэг нэгт ах минь” хэмээн тодорхойлжээ.
Энгри Андерсон 1976 онд Сидней хотод байгуулагдсан Rose Tattoo хамтлагийг ахлан уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд тус хамтлаг Guns N’ Roses зэрэг алдарт хамтлагуудад нөлөө үзүүлж байв. Мөн тэрээр 1985 оны “Mad Max Beyond Thunderdome” кинонд Ironbar-ийн дүрийг бүтээж байсан билээ.