АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа өөрийгөө хавдартай байсныг мэдээгүй бөгөөд хэрэв тухайн үед оношлогдсон байсан бол хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө нэр дэвшихгүй байсан хэмээн ярьжээ.

Ардчилсан намаас сонгогдож байсан экс ерөнхийлөгч энэ тухайгаа мягмар гарагт худалдаанд гарах Цагаан ордны дурсамж номоо танилцуулахын өмнө People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Энэ сарын 20-нд 84 нас хүрэх Жо Байден: "Хэрэв би хавдартай байснаасаа болоод бие тавгүйрхэж байсныг мэдсэн бол цааш үргэлжлүүлэхгүй байх байсан" хэмээн онцолжээ. Түүний 2024 оны дахин сонгогдох сонгуулийн кампанит ажил бүтэлгүйтсэн мэтгэлцээний дараа дуусгавар болсон билээ.