UFC-ийн хүнд жингийн тулаанч Жош Хокит UFC 334 тэмцээний гол тулаанд Сирил Ганд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдаж, мэргэжлийн замналдаа анхны хожигдлоо хүлээсэн юм. Тус тулааны дараа UFC-ийн аварга асан Жон Жонс өөрийн инстаграм хуудсандаа тулааны сүүлийн агшны бичлэгийг оруулан, Хокитыг шоглосон нь тэдний хооронд ширүүн маргаан үүсгэв. Жонс өөрийг нь шүүмжилдэг тулаанчид дараагийн тулаандаа дандаа ялагддаг тухай сошиалд нийтэлж байжээ.

Хокит түүний энэ үйлдэлд тун ширүүн хариу барихдаа Жон Жонсын өмнө нь холбогдож байсан хуулийн асуудлуудыг сөхсөн байна. Тухайлбал, Жонс 2021 оны есдүгээр сард сүйт бүсгүй Жэсси Мозестэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Лас-Вегаст саатуулагдаж байсан бөгөөд хожим энэ хэрэг нь хэрэгсэхгүй болж, эд хөрөнгө сүйтгэсэн гэм буруугаа маргалгүйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Мөн 2019 онд Альбукерке хотын клубт зөөгч бүсгүйд зүй бус хандсан хэрэг нь нийгмийн хэв журам зөрчсөн хэргээр мөн л маргалгүйгээр шийдэгдэж байсан гэж мэдээлэгдэж байв.

Жон Жонс хариуд нь Хокитод хандан сошиал орчноос түр холдож, тархиа амраахыг зөвлөсөн бөгөөд зүгээр байхад нь өөр рүү нь дайрч эхэлсэн гэж байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрээр өөртэй нь маргалдсанаар агуу болчихгүй, үүнийг шаргуу хөдөлмөрөөр олох ёстойг сануулсан байна.

Тэдний энэхүү маргаан нь Хокит UFC-ийн хэвлэлийн өдрөөр Жонсыг онилж дисс дуу гаргаснаас гадна Жонсын шавь, олимпын аварга Гейбл Стивенсоны тухай хийсэн өмнөх мэдэгдлүүдээс эхлэлтэй юм. UFC 334 тэмцээний дараа өрнөсөн энэхүү явдал нь Жош Хокитыг нэр хүндтэй тулаанчид руу ч шууд үг хаяхаас эмээдэггүй нэгэн гэдгийг дахин харууллаа.