Шинээр цацагдсан “Gentle Monster” киноны трэйлерээс харахад ямар нэгэн зүйл маш буруугаар эргэсэн нь илт байна. Тус кинонд жүжигчин Леа Сейдү өөрийн гэртээ харанхуй үнэнтэй нүүр тулж буй эмэгтэйн дүрийг бүтээжээ. Сонирхолтой нь, энэхүү кино нь БНСУ-ын ижил нэртэй нүдний шилний брэндтэй огт холбоогүй бөгөөд найруулагч нь зөвхөн тус компанийн нэрнээс санаа авсан байна.

Мари Кройцерийн зохиолыг нь бичиж, найруулсан тус кинонд төгөлдөр хуурч Люси (Леа Сейдү) болон түүний нөхөр Филип (Лоренс Рупп), хүү нарын амьдрал гардаг. Гэвч цагдаа нар нэгжлэг хийх зөвшөөрөлтэйгээр ирж, нөхөр Филипийг нь жигшүүрт хэрэгт буруутгаснаар тэдний амьдрал сүйрнэ. Люси хайртай хүнийхээ эсрэг тулгасан буруутгалтай нүүр тулж, олон худал хуурмагийг тайлахын зэрэгцээ хүүгээ хамгаалах шаардлагатай болдог.

Энэхүү кино нь найруулагч Кройцерийн хувьд сэдвийн хувьд нэлээд ээдрээтэй бүтээл юм. Учир нь түүний 2022 оны “Corsage” кинонд тоглосон жүжигчин Флориан Тейхтмейстер үүнтэй төстэй хэрэгт буруутгагдаж байжээ. Найруулагч Кройцер 2026 оны тавдугаар сард “The Hollywood Reporter” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэрхүү дуулиан шуугианы дунд би магадгүй ‘Gentle Monster’ киног дахин хийж чадахгүй байх гэж бодож байсан. Учир нь хүн бүр үүнийг тэрхүү хэрэгтэй холбож ойлгох байв. Гэвч удалгүй би үүнийг бүр илүү хийх ёстой юм байна гэдгээ ухаарсан” хэмээн ярьжээ.

Трэйлерээс зураглаач Юдит Кауфманы зураг авалт, Камилийн хөгжим болон Леа Сейдүгийн хүчирхэг тоглолтыг харж болохоос гадна тэрээр жүжигчин Желла Хаазе, Катрин Денёв нартай хамтран тоглосон байна.

“Gentle Monster” кино ирэх есдүгээр сард болох Торонтогийн олон улсын кино наадмаар (TIFF) нээлтээ хийх бөгөөд аравдугаар сарын 30-нд цөөн тооны кино театруудаар гарч, улмаар арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн Netflix платформоор цацагдах юм.