Грэммийн шагналт дуучин Зак Брайан аравдугаар сарын 2-ны баасан гарагт Массачусетс мужийн Фоксборо хот дахь “Gillette Stadium” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан “With Heaven On Tour” аялан тоглолтынхоо үеэр “Free Palestine” гэсэн бичигтэй хар футболк өмссөн нь олны анхаарлыг татлаа. TMZ-ийн мэдээлснээр түүний хамтлагийн гишүүд мөн адил цамц өмссөн байсан бөгөөд уг бичлэгүүд цахим сүлжээнд хурдан тархжээ. Зак Брайан тайзан дээрээс энэ цамцныхаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бололтой байна.

Энэхүү үйл явдал болсон Gillette Stadium цэнгэлдэхийг “New England Patriots” багийн эзэн Роберт Крафтын удирддаг “Kraft Group” эзэмшдэг юм. Крафт хэдэн долоо хоногийн өмнө рэппер Маклеморыг Эд Шираны “Loop Tour” аялан тоглолтын АНУ дахь тоглолтуудаас хасахад голлох үүрэг гүйцэтгэж байв. Рэппер Маклемор есдүгээр сарын 4 болон 5-нд “MetLife Stadium”-д болсон тоглолтын үеэр Палестиныг дэмжсэн мэдэгдэл хийж, “Hind's Hall” хэмээх эсэргүүцлийн дуугаа дуулсан юм. Үүний дараа Израиль-Америкийн зөвлөл түүнийг хасахыг шаардсан өргөдөл гаргаж, NFL-ийн цэнгэлдэх хүрээлэнгийн хэд хэдэн эзэд тоглолтыг цуцална гэж сүрдүүлсэн тул есдүгээр сарын 14-нд зохион байгуулагч “Messina Touring Group” Маклеморыг цаашдын тоглолтод оролцуулахгүй болсноо баталжээ.

Роберт Крафт уг шийдвэрт оролцсоноо баталж, антисемитизмын хил хязгаарыг давсан гэж үзсэн үед дуугарах хариуцлагатай гэж боддогоо илэрхийлэхийн зэрэгцээ палестинчуудын зовлон шаналал бодитой гэдгийг дурдсан байна. Харин Эд Ширан энэ шийдвэрийг өөрөө бус зохион байгуулагч гаргасан гэж мэдэгдэж байв. Үүний дараа Finneas, Аарон Роу, Lukas Graham болон Beoga хамтлаг эсэргүүцлээ илэрхийлж аялан тоглолтыг орхисон билээ. Маклемор үүнд урт мэдэгдэл хийж, аялан тоглолтынхоо орлогоос нэг сая ам.долларыг Палестины тусламжийн байгууллагуудад хандивлахаа амласан юм.

Зак Брайан өмнө нь ч эрх мэдэлтнүүдтэй зөрчилдөхөөс эмээж байгаагүй. 2025 оны аравдугаар сард түүний “Bad News” дууны хэсэг цацагдахад Дотоодын аюулгүй байдлын яам болон Цагаан ордон шүүмжилж байсан ч уран бүтээлч байр сууриа хамгаалж байв. Тэрбээр бямба гарагт тус цэнгэлдэхэд хоёр дахь тоглолтоо хийх бөгөөд уг цамцыг дахин өмсөх эсэх болон одоогоор олон нийтэд хариу өгөөгүй байгаа Роберт Крафт ямар нэг арга хэмжээ авах эсэх нь анхаарал татаж байна.