Америкийн Оклахома мужаас гаралтай дуучин, ая зохиогч Зак Брайан ‘Young Manhood and Other Donatable Organs’ хэмээх найман дуутай шинэ богино хэмжээний цомгоо (EP) 10-р сарын 16-нд цацлаа. Тэрбээр цомгийн бүх дууг өөрөө бие даан бичсэн байна.

Энэ онд 30 нас хүрсэн түүний өмнөх цомог болох 25 дуутай ‘With Heaven on Top’ нь 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн Billboard 200 чартыг тэргүүлж байсан бөгөөд үүнээс хойш нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа шинэ уран бүтээлээ ийнхүү хүргэж байна.

Шинэ цомог нийт 28 минут орчим үргэлжлэх бөгөөд дуучин Лана Дель Рейтэй хамтарсан “Lies”, Turnpike Troubadours хамтлагтай хамтарсан “Plainsman” зэрэг уран бүтээлүүд багтжээ. Мөн түүний сүүлийн аялан тоглолтоороо дуулж байсан “Robot Killed the Working Man”, “Backwards” зэрэг дуунууд багтсан байна. “Lies” дуунд утсан хөгжмийн аялгуу оруулсан бол “Dog Days” дуугаараа өөрийн дундаж хэмнэлтэй хэв маягаасаа гарсан зэрэг олон төрлийн өнгө аясыг багтаажээ.

Цомгийн нүүр зураг дээр Брайан талбайд зогсоод ойролцоогоор 12 фитийн зайд инээмсэглэн буй өөрийн дүр рүү ангийн буу чиглүүлсэн байдалтай дүрслэгдсэн байна. Тэрбээр Instagram хуудсандаа уг зураг болон бууны амнаас дууны нэрс гарч буй хувилбарыг нийтэлж, шүтэн бишрэгчиддээ зориулсан мэндчилгээ үлдээжээ.

Өнгөрсөн оны 12-р сард гэрлэсэн уран бүтээлчийн энэхүү цомог нь 2022 оны “Sun to Me” шиг хайрын дууны өнгө аясгүй, харин ч түгшүүртэй уур амьсгалыг шингээсэн бүтээл болсон талаар Billboard онцолсон байна.