Шведийн алдартай поп од Зара Ларссон Австрали болон Шинэ Зеландад хийсэн “Midnight Sun” аялан тоглолтоо амжилттай дуусгалаа. Түүний аялан тоглолтын сүүлийн зогсоол нь Шинэ Зеландын Окленд хотод байрлах Spark Arena байсан бөгөөд тэрбээр тус цэнгэлдэхийн бүх цаг үеийн үзэгчдийн дээд амжилтыг шинэчилсэн байна.
Тоглолтыг зохион байгуулагч бөгөөд тус талбайг хариуцдаг “Live Nation”-ий мэдээлснээр, 10-р сарын 25-ны ням гарагт болсон эхний тоглолтод 12,796 үзэгч ирснээр дээд амжилт тогтоожээ. Харин маргааш орой нь буюу 10-р сарын 26-нд тэрбээр энэ үзүүлэлтээ дахин ахиулж, 12,798 үзэгч цуглуулсан байна. Ингэснээр хоёр өдрийн дотор нийт 25,594 хүн уг цэнгэлдэхэд ирсэн нь 2007 онд үүдээ нээсэн Шинэ Зеландын хамгийн том аренагийн хувьд бас нэгэн шинэ дээд амжилт боллоо. Өмнө нь энэхүү дээд амжилтыг алдарт Linkin Park хамтлаг 2026 оны 3-р сард 12,736 тасалбар борлуулснаар эзэмшиж байжээ.
“Spark Arena”-гийн ерөнхий менежер Марк Гослинг Зара Ларссон эвдэхэд бэрх байж болохуйц шинэ амжилт тогтоосонд баяр хүргэсэн байна. Үүнээс өмнө 10-р сарын 23-ны баасан гарагт тэрбээр Сидней хотын “Afterpay Arena”-д бараг 18,000 үзэгчийн өмнө тоглосон нь түүний карьер дахь хамгийн том бие даасан тоглолт болсон юм. Түүний Австрали, Шинэ Зеландад хийсэн анхны бие даасан аялан тоглолтын хүрээнд зургаан хотод болсон нийт 10 тоглолтын тасалбар бүгд бүрэн зарагджээ.
Зара Ларссон анх 2008 онд 10 настайдаа Шведийн “Got Talent” буюу “Talang” шоунд түрүүлж олонд танигдсан бөгөөд дөрвөн жилийн дараа гэрээ байгуулан уран бүтээлийн замаа эхлүүлсэн. Тэрбээр “Midnight Sun”, “Lush Life”, “Never Forget You” зэрэг бүтээлүүдээрээ Billboard Hot 100 жагсаалтад долоон удаа бичигдээд байна. Мөн тэрбээр энэ оны хоёрдугаар сард “Midnight Sun” дуугаараа Грэммийн шагналд нэр дэвшиж, дөрөвдүгээр сард Billboard-ийн “Women in Music” арга хэмжээнээс шагнал хүртсэн бол саяхан залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйлсээрээ хүлээн зөвшөөрөгдсөн юм.