Шинэ Зеландад төрсөн радио хөтлөгч, дижей Зейн Лоу өдгөө хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий ярилцлага авагчдын нэгээр зүй ёсоор тооцогдож байна. Тэрбээр бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төдийлөн ярилцлага өгөх дургүй уран бүтээлчдийг ч өөрийн нэвтрүүлэгтээ урьж чаддаг гэдгээрээ алдартай юм.

Түүнчлэн Зейн Лоу нь Apple Music платформд дэлхийн бүтээлч захирлын (global creative director) үүрэг гүйцэтгэж, стриминг үйлчилгээний ерөнхий стратеги болон уран бүтээлчидтэй харилцах бодлогыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг байна.

Саяхан Зейн Лоу Billboard-ийн “On The Record” нэвтрүүлгийн хөтлөгч Кристин Робинсонтой Калифорни мужийн Калвер Сити дэх Apple Music-ийн студид ярилцлага өрнүүлжээ. Энэ удаад тэр өөрөө зочны суудалд сууж, уран бүтээлчидтэй итгэлцэл бий болгох арга барил, хөгжмийн салбарын хувьсал болон карьерынхаа талаар хуваалцсан байна.

Тэрбээр анх радиогоос гараагаа эхэлж байсан ч YouTube платформ дээрх Jay-Z-тэй хийсэн урт хэмжээний ярилцлага нь түүний ажлын арга барилыг илүү чөлөөтэй яриа өрнүүлэх орон зай руу эргүүлэн авчирсан гэдгийг дурджээ. Мөн маш олон авьяаслаг уран бүтээлчид буруу хамтрагч, лейбл, менежер эсвэл хуульч сонгосноос шалтгаалан хүссэн амжилтандаа хүрч чадаагүй байж болзошгүйг тэмдэглэсэн байна. Салбарын доторх зарим асуудал түүнийг бухимдуулдаг өдрүүд байдаг ч хөгжим сонсох, тоглох зэргээс хэзээ ч уйддаггүй гэдгээ тэрбээр онцолжээ.