Израил улсад удахгүй болох парламентын сонгуулийн өмнө улс төрийн нөхцөл байдал идэвхжиж байна. Тус улсын батлан хамгаалахын экс тэргүүн Гади Айзенкот одоогийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн гол өрсөлдөгчөөр тодорч байгаа талаар SCMP мэдээлэв.
Гади Айзенкотын үүсгэн байгуулсан төвийн үзэл баримтлалтай "Yashar!" (Еврей хэлээр "Шулуухан!") нам олон нийтийн санал асуулгад хурдацтайгаар нэр хүндээ өсгөж байна. Одоогоор тус нам ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлдэг баруун жигүүрийн "Ликуд" намын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Израил улс хамгийн сүүлд аравдугаар сарын 27-ны дотор шинэ парламентаа сонгох ёстой бөгөөд сонгууль аравдугаар сарын 20-нд болох магадлал хамгийн өндөр байна. Олон нийтийн санал асуулгын дүн ийнхүү улс төрийн өрсөлдөөн ширүүсэж байгааг харуулж байна.