Цахим ертөнцийн трендүүд бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдгийг харуулсан сонирхолтой жишээ гарлаа. АНУ-ын алдартай хоолны газар болох Soules Kitchen компани интернэтэд өргөнөөр тархсан “6-7” гэх меме буюу шог яриаг ашиглан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Энэхүү түүхийн эхлэл нь цахим орчинд нэгэн хүүгийн хэлсэн “6-7” (зургаа-долоо) гэх үгнээс эхлэлтэй бөгөөд тухайн үед уг бичлэг нь маш богино хугацаанд вирус мэт тархаж, олон мянган хэрэглэгчдийн дунд хошигнол болон үлдсэн юм. Soules Kitchen энэхүү соёлын үзэгдлийг ашиглаж, өөрийн цэсэндээ 6-7 ширхэг тахианы махтай (nugget) багцыг 6.70 ам.долларын үнээр худалдаанд гаргахаар болжээ.
Soules Kitchen бол АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа тахианы махан хоолоороо алдаршсан түргэн хоолны сүлжээ юм. Тэдний энэхүү алхам нь зөвхөн маркетингийн нүүдэл төдийгүй залуу үеийнхний сошиал медиа хэрэглээ, тэдний анхаарлыг татах арга барил хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна. Тус компани анхны “6-7” хүүтэй хамтран ажиллаж, брэндийнхээ имижийг илүү хөгжилтэй, залуучуудад ойр байхаар чиглүүлж байгаа аж.
Одоогийн байдлаар энэхүү тусгай цэс нь сошиал медиа хэрэглэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа бөгөөд үнэ болон тооны хувьд “6-7” гэх трендтэй яг таарч байгаа нь хэрэглэгчдэд илүү сонирхолтой сэтгэгдэл төрүүлж байна. Энэ нь интернет соёл болон бизнесийн нэгдэл хэрхэн бүтээлчээр хэрэгжиж болдгийн тод жишээ болж байна.