Их Британи улс тамхины хэрэглээг бууруулах чиглэлд зоримог алхам хийж, 2009 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи татахыг хуулиар хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү “түүхэн” хууль нь тамхигүй ирээдүйг цогцлоох зорилготой бөгөөд тамхи татах зуршилтай болох хүмүүсийн тоог эрс багасгахыг зорьж байна.
Энэхүү хууль батлагдсанаар Их Британид тамхи худалдах нас жил бүр нэмэгдэж, улмаар 2009 оноос хойш төрсөн хэн ч хэзээ ч хууль ёсны дагуу тамхи худалдан авах боломжгүй болох юм. Засгийн газрын үзэж байгаагаар энэ нь тамхины улмаас үүсэх эрүүл мэндийн асуудлуудыг эрс бууруулж, урт хугацаанд эрүүл, аюулгүй нийгмийг бий болгоно.
Тамхины эсрэг кампанит ажил явуулдаг байгууллагууд энэ хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тамхины хэрэглээ нь олон төрлийн хорт хавдар, зүрх судасны өвчин болон бусад ноцтой өвчний гол шалтгаан болдог гэдгийг онцолж байна. Тэдний үзэж байгаагаар энэхүү хууль нь залуу үеийг тамхины хор хөнөөлөөс хамгаалж, улмаар эрүүл мэндийн салбарт үзүүлэх дарамтыг багасгах ач холбогдолтой юм.
Гэсэн хэдий ч, энэ хуулийг эсэргүүцэгчид ч бас бий. Тэд хууль нь хувь хүний эрхэнд халдсан, хууль бус тамхины зах зээлийг дэмжих эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн тамхины худалдаа эрхлэгчид орлогоо алдаж болзошгүй байгаагаа илэрхийлж байгаа юм.
Ямартай ч, Их Британийн энэхүү шийдвэр нь дэлхий дахинд тамхины эсрэг чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж магадгүй юм. Монгол улсын хувьд ч тамхины хэрэглээтэй тэмцэх, залуу үеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байгаа билээ.