Туркийн Истанбул хотод зохион байгуулагдсан бахархлын жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас 50 гаруй хүнийг баривчилсан байна. Тус үйл ажиллагааг орон нутгийн эрх баригчид хориглож, хотын гол цэгүүдийг хаасан хэдий ч жагсагчид цугларчээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд нэг сэтгүүлч байгаа аж. Цагдаа нар Истанбулын алдарт Таксим талбайн орчимд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, төмөр хаалт босгосон байна. Мөн орон нутгийн албаны хүмүүс Кадикой дүүрэг зэрэг жагсаал цуглаан хийх гол цэгүүдэд үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
Түүнчлэн, захирагчийн албанаас нийтийн тээврийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, зарим метроны шугамыг хаасан байна.