Холимог тулааны UFC холбооны тамирчин Иэн Мачадо Гарри удахгүй болох UFC 330 тэмцээний хүрээнд Ислам Махачевтай тулалдахаар бэлтгэлээ базааж байна. Гэвч тэрээр тулааны бэлтгэлээс илүүтэйгээр PETA буюу амьтны эрхийг хамгаалах байгууллагын “Ирээдүй бол ургамлын гаралтай” хэмээх сурталчилгаанд оролцсон нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаад байна.

Энэхүү сурталчилгаанд Гарри цагаан хоолтон болсноор бэлтгэлийн явцад илүү хурдан сэргэж, биеийн болон сэтгэл зүйн хувьд дээд түвшинд хүрсэн гэдгээ тайлбарлажээ. Тэрээр өмнө нь мах их хэрэглэдэг байснаас болж байнга халдвар авч, дархлаа нь суларч байсан тул 2021 оноос эхлэн эхнэрийнхээ хуучин нөхөр бөгөөд хоол тэжээлийн мэргэжилтэн Ричард Куллиний зөвлөгөөгөөр цагаан хоолны дэглэмд шилжсэн байна.

Гарригийн хэлснээр, ургамлын гаралтай хооллолт нь жин хасах үйл явцыг хөнгөвчилж, богино хугацаанд товлогдсон тулаануудад бэлтгэхэд ихээхэн тус болжээ. Тэрээр Карлос Пратес, Шавкат Рахмонов нартай хийх тулаануудад ийм дэглэмийн ачаар эрүүл мэндээ алдалгүй бэлтгэж чадсан гэдгээ онцолсон байна.

Гэвч түүний энэхүү байр суурь олон нийтийн дунд эерэг хүлээлт үүсгэсэнгүй. Иэн Гарриг “тааламжгүй” тулаанч гэж үздэг олон фанатууд түүний энэхүү сурталчилгааг шүүмжилж, улмаар ирэх наймдугаар сарын 15-нд болох тулаанд Ислам Махачевыг илүүтэй дэмжих болсноо илэрхийлж байна.

Түүнээс өмнө Ник болон Нэйт Диаз нар цагаан хоолтон гэдгээ зарлаж байсан ч Гарригийн хувьд энэ удаагийн сурталчилгаа нь түүнийг шүтэн бишрэгчдийнхээ дунд илүү маргаантай дүр төрхтэй болгож байна.