Йемений алдарт уулчин, сошиал медиагийн од Аль-Ка'ка бин Антар ууланд авирч байхдаа харамсалтайгаар амиа алдсан тухай Dexerto мэдээллээ. Тэрээр өөрийн гайхалтай авхаалж самбаа, ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр эгц хад руу авирдаг чадвараараа цахим орчинд “Йемений Хүн-аалз” гэх нэршлийг авсан нэгэн байв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Аль-Ка'ка бин Антар Йемений нэгэн галт уулын тогоонд авирч байх үедээ тэнцвэрээ алдан унажээ. Авиралтын явцад ямар нэгэн олс, хамгаалалтын бэхэлгээ ашиглаагүй нь түүнийг аврах боломжгүй болгосон байна. Түүний үхэл олон сая дагагчдыг нь цочролд оруулж, дэлхий даяарх уулын спортын сонирхогчдын дунд эмгэнэл илэрхийлсэн постууд хөвөрч байна.
Тэрээр зөвхөн уулчин төдийгүй, Йемений байгалийн үзэсгэлэнт газруудыг өвөрмөц өнцгөөс харуулж, адал явдалт контент бүтээдэг нөлөөлөгч байсан юм. Хэдийгээр түүний авиралт нь мэргэжлийн түвшний ур чадвар шаарддаг байсан ч энэ удаагийн эрсдэлтэй алхам нь амь насаараа дэнчин тавьсан эцсийн авиралт боллоо.
Энэхүү харамсалтай явдал нь экстрем спортоор хичээллэгч залууст аюулгүй байдлын дүрмийг баримтлахын чухлыг дахин нэг удаа сануулж байна.