Поп хөгжмийн од, Австралийн дуучин Кайли Миноуг болон Хойд Ирланд-Шотландын рок хамтлаг Snow Patrol нар хамтран шинэ уран бүтээлээ толилууллаа. Тэд долоодугаар сарын 3-нд Өмнөд Лондонгийн Кристал Палас паркад болсон тоглолтын үеэр "These Alarms" дууг анх удаа тайзан дээр дуулсан бөгөөд уг тоглолтын бичлэгийг албан ёсоор олон нийтэд цацлаа.
"These Alarms" дуу нь долдугаар сарын 1-нд стриминг платформуудаар дамжуулан анх удаа сонсогчдод хүрсэн юм. Энэхүү дуу нь Snow Patrol хамтлагийн BMG компанитай байгуулсан шинэ гэрээний хүрээнд гаргасан анхны уран бүтээл болж байна. Хамтлагийн гишүүн Гэри Лайтбоди болон Кайли Миноуг нар энэхүү тоглолтын үеэр анх удаа биечлэн уулзсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Тоглолтын үеэр Кайли Миноуг мөн Snow Patrol хамтлагийн алдарт "Chasing Cars" дууг хамт дуулсан байна. Уг дуу нь 2006 онд "Grey’s Anatomy" цувралын хоёрдугаар улирлын төгсгөлд эгшиглэснээр олны танил болж, Billboard Hot 100 жагсаалтын 5-р байрт бичигдэж байв.
Snow Patrol хамтлаг нь 2024 онд гаргасан "The Forest is the Path" цомогтоо энэ дууг багтаасан бөгөөд анх зохиогдох үедээ "KYLIE" гэсэн ажлын нэртэй байжээ. Кайли Миноуг энэ талаар "Энэ дууны түүх үнэхээр сонирхолтой. Snow Patrol-ын архивт 'KYLIE' нэртэй демо байсныг сонсоод гайхсан ч, Гэри бол маш чадварлаг дуу зохиогч учраас тэдний ертөнцөд уригдсандаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Энэ жил Snow Patrol хамтлаг өөрсдийн алдарт "Eyes Open" цомгийн 20 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд тус хамтлаг нь саяхан "Official Charts Hall of Fame" шагнал хүртсэн анхны уран бүтээлч болсон юм.