Канад улс энэ долоо хоногоос эхлэн зохион байгуулагдах Rimpac буюу Номхон далайн эргийн орнуудын тэнгисийн цэргийн хамгийн том сургуулилтад өөрийн цэргийн хүчээ илгээхээр болжээ. Тус улс сургуулилтад HMCS Ottawa, HMCS Regina хэмээх хоёр фрегат хөлөг онгоц болон HMCS Corner Brook шумбагч онгоцоо оролцуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү сургуулилт нь лхагва гарагаас эхлэн долдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Австрали зэрэг 31 орны нийт 25,000 гаруй цэргийн алба хаагчид оролцох төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Канад улс энэхүү алхмаараа Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь үүрэг оролцоогоо нотлон харуулахыг зорьж байна. Мөн энэ нь Вашингтоноос Канадын талыг “зардал хуваалцахаас зайлсхийдэг” (freeriding) хэмээн буруутгасан шүүмжлэлд өгч буй хариу үйлдэл гэж ажиглагчид тайлбарлаж байна.