Канад улсад АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг бойкотлох, дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалсан хэрэглэгчдийн хөдөлгөөн хүчээ авч байна. Энэхүү хандлага нь тус улсын супермаркетуудын лангуун дахь бүтээгдэхүүний сонголтыг өөрчлөхөд хүргэж байгаа юм.

Үүний улмаас хүнсний худалдаа эрхлэгчид барааны гарал үүслийн шошгыг илүү тодорхой болгож, шинэ нийлүүлэгч хайхад хүрч байна. Тухайлбал, Онтарио мужид үйл ажиллагаа явуулдаг бие даасан хүнсний дэлгүүр болох Vince’s Market-ийн ерөнхийлөгч Жанкарло Тримарки хэрэглэгчдээс багагүй шүүмжлэл хүлээн авчээ. Тус дэлгүүрт Америкийн шинэ ногоо, жимс худалдаалж байгаад дургүйцсэн хэрэглэгчид ууртай имэйл, сэтгэгдлүүд илгээсэн байна.

Үүний дараа Жанкарло Тримарки сошиал медиагаар дамжуулан дэлгүүрийнх нь лангуун дээрх ихэнх шинэ хүнс, ногоо (produce) Канадынх болохыг харуулж, тайлбар хийжээ. АНУ болон Канадын хооронд үүссэн худалдааны ширүүн маргаан ийнхүү жирийн иргэдийн худалдан авалтын сонголтод шууд нөлөөлж байна.