АНУ-ын кантри хөгжмийн ертөнцийн од, “I’m the Problem” аялан тоглолтоо үргэлжлүүлж буй дуучин Морган Уоллен дахин нэгэн дуулианы эзэн боллоо. Питтсбург хотод болсон тоглолтынхоо төгсгөлд тэрээр тайзны урд байсан шүтэн бишрэгчийнхээ гар утсыг булаан авч, тайзны гадна руу шидсэн үйлдэл нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Бичлэгээс харахад дуучин залуу тайзны ирмэг дээр зогсож байхдаа үзэгчдийн нэгнийх нь утсыг авч, огцом хөдөлгөөнөөр хол шидэн, үргэлжлүүлэн дуулсаар байгаа нь харагддаг. Одоогоор дуучны зүгээс болон түүний менежментийн багийнхан энэ үйлдлийнхээ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Морган Уоллен нь сүүлийн жилүүдэд АНУ-ын хөгжмийн чартуудыг тэргүүлж, олон сая сонсогчтой болсон ч түүний хувийн амьдрал болон зан авиртай холбоотой асуудлууд байнга хэвлэлийн бай болох болсон. Энэхүү үйл явдал нь түүний “I’m the Problem” аялан тоглолтын нэлээд үймээн самуунтай үргэлжилж буй долоо хоногийн нэг хэсэг болж байна.

Шүтэн бишрэгчид нь түүнийг хүндэтгэлгүй хандлаа гэж бухимдаж байгаа бол зарим нь тоглолтын үеэр үзэгчид тайз руу юм шидэх эсвэл хэт ойртох нь уран бүтээлчдийн тэвчээрийг бардаг гэх байр суурийг илэрхийлж байна. Ямартай ч, энэ удаагийн үйлдэл нь дуучны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болоод байна.