Өмнө нь Канье Уэст нэрээрээ алдаршсан Америкийн алдарт рэппер Ye-ийн ОХУ-ын Санкт-Петербург хотод хийхээр төлөвлөөд байсан цэнгэлдэхийн хоёр удаагийн тоглолт цуцлагдсан талаар мэдээллээ.
Тэрбээр ирэх 10-р сарын 10 болон 11-ний өдрүүдэд 80,000 хүний суудалтай «Газпром Арена» цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор товлоод байсан юм. Гэвч тус цэнгэлдэхийн зүгээс наймдугаар сарын 24-нд нийгмийн сүлжээндээ уг арга хэмжээнд зориулж түрээсийн ямар ч гэрээ байгуулаагүй, тоглолт болохгүй хэмээн мэдэгджээ. Москвад төвтэй зохион байгуулагч «Say Agency» Телеграм сувгаараа дамжуулан тоглолт товлосон хугацаандаа болох боломжгүй болсонд «чин сэтгэлээсээ харамсаж байна» гэж мэдэгдсэн байна.
Хэрэв эдгээр тоглолт төлөвлөгөөний дагуу болсон бол Ye нь 2022 онд ОХУ-аас Украины эсрэг эхлүүлсэн дайны улмаас үүссэн дэлхийн соёлын хоригоос хойш тус улсад тоглолтоо хийсэн анхны барууны рэп од болох байв.
Newsweek сэтгүүлийн Оросын хэвлэлүүдээс эш татан мэдээлснээр, тоглолтыг цуцлах шийдвэрийг ОХУ-ын эрх баригчид гаргасан бөгөөд «Коммерсант» сонинд тоглолтын зохион байгуулагчдыг залилангийн хэргээр шалгаж байгаа тухай дурдсан байна. Мөн орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр төрийн албаныхан уг арга хэмжээг зөвшөөрөөгүйгээс гадна зарим улстөрчид Ye-ийн өмнө нь нацист бэлгэдлийг ашиглаж, Адольф Гитлерийг дэмжиж байсан үйлдэлд дургүйцлээ илэрхийлжээ.
Ye энэ жил дэлхий даяар аялан тоглолт хийж байгаа бөгөөд Турк, Нидерланд, Гүрж, Албани, Португал, Испани, Казахстан болон АНУ-ын хэд хэдэн хотод тоглолтоо хүргээд байна.