Хөгжмийн салбарт хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ тойрсон маргаан өрнөж буй энэ үед алдарт дуучин Келли Кларксон өөрийн байр суурийг хуваалцлаа. Тэрээр “Las Culturistas” подкастад оролцох үеэрээ уг технологид дуртай гэдгээ илэрхийлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Тэрээр ярихдаа уг технологийг дэмждэг бөгөөд уран бүтээлийн хувьд ч маш сонирхолтой боломжуудыг нээж байгааг онцолсон юм. Гэвч ихэнх хүмүүс AI-ийн асуудалд хэт туйлширсан хандлага гаргадаг хэмээн тэрбээр үзэж байна.
Тусдаа чарттай байх ёстой
Кларксон хиймэл оюунаар бүтээсэн хөгжмийг эсэргүүцэхгүй ч хүний бүтээлтэй холилдож, өрсөлдөх ёсгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа аж. “Хиймэл оюун ухаанаар бүтээсэн уран бүтээлчид бодит хүмүүстэй нэг чартад өрсөлдөхийг харах надад асуудалтай санагддаг. Тэдэнд тусдаа чарт байх ёстой” гэж дуучин онцолжээ.
Тэрээр шинжлэх ухааны ололт дэвшлийг үгүйсгэхгүй ч хүний бүтээлч байдлыг алдагдуулахгүй, хоёр талыг зааглах шаардлагатайг дурдсан байна.
Хөгжмийн салбарын нөхцөл байдал
Сүүлийн үед Suno зэрэг хиймэл оюуны компаниуд зөвшөөрөлгүй бүтээл ашиглан загвараа сургасан гэх үндэслэлээр зохиогчийн эрхийн хэд хэдэн шүүхийн заргатай нүүр тулаад байгаа бөгөөд олон уран бүтээлчид үүний эсрэг дуугарч байна.
Нөгөө талд, хөгжмийн салбар ч үүнд дасан зохицохоор ажиллаж байна. Тухайлбал, Billboard хиймэл оюунаар хийсэн дуу чартад нь багтах тохиолдолд ил тод тэмдэглэхээ мэдэгдсэн бол үзвэр үйлчилгээний дата компани Luminate ч платформ дээрээ AI контентуудад тусгай шошго байршуулахаар төлөвлөж байгаа ажээ.