Их Британийн Кембрижийн их сургуулийн социологийн профессор, тус сургуулийн түүхэн дэх хамгийн залуу хар арьст профессор гэдгээрээ танигдсан Жэйсон Ардей албан тушаалаасаа огцорсон байна.
Тэрээр лхагва гарагийн орой ажлаасаа гарах шийдвэрээ албан ёсоор мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь түүний эрдэм шинжилгээний бүтээлүүдэд плагиат буюу бусдын бүтээлийг хулгайлсан байж болзошгүй гэх асуудлаар Кембрижийн их сургууль дотооддоо мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээс хэдэн долоо хоногийн дараа гарч байна.
Сургуулийн зүгээс Жэйсон Ардейн эрдэм шинжилгээний ажил болон мэргэжлийн ур чадвартай холбоотой "шинэ мэдээлэл" илэрсэн гэж үзэн шалгалт эхлүүлсэн байжээ. Түүнчлэн түүний өнгөрсөн хугацаанд хийсэн хандивын аян болон спортын амжилтуудтай холбоотой мэдэгдлүүд нь ч эргэлзээ төрүүлээд байгаа аж.
Жэйсон Ардей нь 2023 онд 37 насандаа Кембрижийн их сургуулийн профессорын суудалд сууснаар олон нийтийн анхаарлыг татаж, нэр хүндтэй эрдэмтэн хэмээн үнэлэгдэж байсан юм. Одоогоор түүний ажлаас чөлөөлөгдсөн явдал нь дээрх шалгалтын үр дүнтэй шууд холбоотой эсэх болон цаашид үргэлжлэх үйл явцын талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.