Колумби улсад сүүлийн нэг зууны хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас амиа алдсан хүний тоо 200 давлаа. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн дараа эрэн хайх, аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Мягмар гарагт Колумбийн аврагчид нурсан барилгын нурангин дороос 32 настай Даниела Ларго (Daniela Largo) хэмээх эмэгтэйг эсэн мэнд гаргаж авч чаджээ. Хэтэрхий их ажилласнаас туйлдаж ядарсан аврах багийнхан илүү олон амьд үлдсэн хүмүүсийг олохоор цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа бөгөөд энэхүү аврах ажиллагаа нь тэдэнд урам зориг өгч, баяр хөөр, алга ташилтыг дагуулсан байна.

Даниела Ларгог хөх өнгийн хөнжилд ороож нурангин дороос гаргаж ирэх үед аврагчид хоорондоо тэврэлдэж, харин түүний ар гэрийнхэн баярлан хашхирч байв.

Даваа гарагт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа цэргүүд, гал сөнөөгчид болон сайн дурынхан Колумбийн баруун хэсгээр нурсан барилгуудыг нэгд нэгэнгүй нэгжин, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.