Крипто арилжааны ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг, олон их наяд доллараар хэмжигдэх "perpetual" буюу хугацаагүй фьючерс арилжааны систем АНУ-ын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Coinbase бирж нь АНУ-ын зохицуулагч CFTC-ийн хяналтан дор Bitcoin болон Ethereum-ийн хугацаагүй фьючерс гэрээг санал болгож эхэлжээ. Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн нь дэлхийн крипто зах зээлийн нийт арилжааны 80 орчим хувийг, харин дериватив арилжааны 90 хувийг бүрдүүлдэг гэж үздэг.

Өмнө нь энэхүү арилжаа нь АНУ-ын хяналтаас гадуур, ихэвчлэн олон улсын биржүүд дээр явагддаг байсан бөгөөд америк худалдаачид VPN ашиглан холбогддог байв. Гэвч тавдугаар сарын 29-нд CFTC байгууллага KalshiEX биржийн Bitcoin-ийн спот үнэ дээр суурилсан фьючерс гэрээг баталснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Зургаадугаар сарын 12-нд тус байгууллага биржүүдэд хугацаагүй фьючерс гэрээг нэвтрүүлэх нөхцөлтэй замыг нээж өгсөн байна.

Шүүхийн маргаан дэгдэв

Энэхүү шийдвэрийг томоохон тоглогч болох CME бирж эсэргүүцэж байна. Зургаадугаар сарын 18-нд CME бирж CFTC болон тус байгууллагын дарга Майкл Селиг нарыг шүүхэд өгч, Kalshi-ийн зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаарджээ. CME-ийн байр суурь нь хугацаагүй фьючерсүүд нь хуулийн дагуу "swap" буюу своп гэрээнд тооцогдох ёстой бөгөөд ингэснээр илүү хатуу зохицуулалт, хөрөнгийн дүрэмд захирагдах ёстой гэж үзэж байна.

CFTC-ийн зүгээс CME-ийн энэхүү үйлдлийг зах зээлийн өрсөлдөөнөөс айсан хэрэг хэмээн мэдэгдэж, уг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоо амлажээ. CME-ийн гомдолд дурдсанаар, Kalshi бирж одоогоор хэд хэдэн крипто хугацаагүй фьючерс арилжааг баталгаажуулсан бөгөөд үүний арилжааны хэмжээ 1 тэрбум доллараас давсан байна.

Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд АНУ-д шинээр нэвтэрч буй энэхүү арилжааны бүтээгдэхүүнүүд нь шүүхийн эцсийн шийдвэрээс хамааран эрх зүйн хувьд өөрчлөгдөх магадлалтай хэвээр байна.