Дэлхийн криптовалютын салбарт томоохон өөрчлөлтүүд өрнөж байна. 2026 он гарснаас хойш 100 гаруй төсөл үйл ажиллагаагаа зогсоож, зах зээлээс бүрмөсөн гарчээ. Энэхүү үйл явцыг салбарын шинжээчид “dot-com” буюу интернэт компаниудын тэсрэлтийн үеийнхтэй ижил төстэй томоохон цэвэрлэгээ хэмээн тодорхойлж байна.
КойнДэск (CoinDesk) мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр, зах зээлийн энэхүү хүндхэн сорилт нь тогтвортой бус, эдийн засгийн хувьд үр ашиггүй ажиллаж байсан гарааны бизнесүүдийг ялган гаргаж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бодит мөнгөн урсгалгүй, хэрэглэгчийн идэвхтэй оролцоогүй төслүүд зах зээлийн шалгуурыг давж чадахгүй байна.
Одоогийн байдлаар энэхүү салбар нь зөвхөн бодит хэрэглэгчидтэй болон эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг тогтвортой бүрдүүлж чадсан протоколуудыг үлдээх замаар өөрийгөө эрүүлжүүлж байна. Энэхүү үйл явц нь криптовалютын зах зээл дэх тогтворгүй байдлыг арилгах, илүү найдвартай бүтээгдэхүүнүүдийг тодруулах алхам болж байгаа ажээ.