Алдарт рок хамтлаг Guns N’ Roses Торонто дахь Рожерс цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэр кантри хөгжмийн од Крис Стэплтон гэнэтийн зочин болж тайзан дээр гарч ирлээ. Тэд хамтдаа Боб Диланы алдарт «Knockin’ on Heaven’s Door» дууг дуулсан байна.

Энэхүү дууг Guns N’ Roses хамтлаг 1991 онд гаргасан «Use Your Illusion II» цомогтоо багтааж байсан түүхтэй. Тоглолтын үеэр Крис Стэплтон ритм гитар тоглохын зэрэгцээ хамтлагийн гоцлол дуучин Аксел Роузтай ээлжлэн дуулж, Слэш, Дафф Маккаган болон хамтлагийн бусад гишүүдтэй хамт тайзыг хуваалцжээ.

Крис Стэплтон болон Guns N’ Roses хамтлагийн харилцаа нь олон жилийн түүхтэй юм. Тэрээр 2016 оны долдугаар сард «Traveller» цомгоо гаргасны дараахан Нэшвилл хотын Ниссан цэнгэлдэх хүрээлэнд болсон Guns N’ Roses-ийн тоглолтыг нээж байжээ. Түүнчлэн, Слэш өөрийн 2024 онд гаргасан «Orgy of the Damned» блюз цомогтоо Крис Стэплтоныг урьж, дуулуулсан удаатай. Энэхүү цомог нь Billboard-ын Блюз цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан билээ.

Крис Стэплтон нь Торонто хотод өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа юм.