Найруулагч Кристофер Ноланы ээлжит бүтээл болох 'Одиссей' (The Odyssey) кино нээлтийн амралтын өдрүүдэд асар их ашиг олох төлөвтэй байгааг The Hollywood Reporter мэдээллээ. Тус кино нь пүрэв гарагийн оройн урьдчилсан үзвэрээс л гэхэд 17.6 сая ам.долларын орлого олсон байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар, уг кино нээлтийн долоо хоногтоо нийт 117 сая ам.долларын орлого олох хандлагатай байгаа аж. Хэрэв энэ тоо биеллээ олбол, тус бүтээл нь 2026 онд гарсан амьд жүжигчидтэй кинонуудаас хамгийн өндөр нээлтийг хийсэн кино болох юм. Түүнчлэн энэ нь R-ангиллын (насанд хүрэгчдэд зориулсан) кинонуудын дунд энэ онд гарсан хамгийн өндөр орлоготой нээлт болох төлөвтэй байна.

'Одиссей' киноны үйлдвэрлэлийн зардал 250 сая ам.доллар, маркетингийн зардал 125 сая ам.доллар болсон гэж Forbes мэдээлжээ. Кино театруудын шимтгэлийг хассаны дараа уг бүтээл зардлаа нөхөхийн тулд нийт 625-аас 750 сая ам.долларын орлого олох шаардлагатай байгаа юм.

Үзэгчдийн дунд тус киног, ялангуяа IMAX 70mm форматаар үзэх сонирхол маш өндөр байгаа бөгөөд тасалбар нь олон долоо хоногийн өмнөөс зарагдаж дуусжээ. Ноланы өмнөх 'Оппенхаймер' кино 82.4 сая ам.долларын нээлт хийж байсан бол 'Одиссей' нь түүний 'Харанхуйн хүлэг баатар эргэн ирсэн нь' (The Dark Knight Rises) киноноос хойших хамгийн том нээлтийг хийх магадлалтай байна. Кино одоо кино театруудаар гарч эхлээд байна.