Грэммийн найман удаагийн шагналт, кантри хөгжмийн од Кэйси Масгрейвс зуны халуухан өдрүүдэд зориулан "Mexico Honey" дууныхаа албан ёсны клипийг долдугаар сарын 22-ны лхагва гарагт үзэгчдийн хүртээл болголоо.

Running Bear буюу Алекса Стоун болон Стивен Кинихопулос нарын найруулсан уг бүтээлийг Мексикт зураг авалтыг нь хийжээ. Клипэнд дуучин бүсгүй өөрийн дэлгэцийн хамтрагчтайгаа Мексикийн наран дор аялалд гарч буй романтик агшнуудыг харуулдаг. Видеоны эхэнд тэрээр машины урд суудалд сууж буйгаар дүрслэгдэх бол удалгүй караоке бааранд ягаан өнгийн шорттойгоор дуулж байгаагаар үргэлжилнэ.

Клипний туршид хосууд хамтдаа унтаж, угаалгын өрөөнд инээлдэн, харилцан бие биеэ тэвэрч, хайр дүүрэн харцаар ширтэлцэх зэрэг дотно мөчүүдийг үзүүлнэ. Мөн тэд цөлд алхаж, машинаар зугаалж, бүр тоть шувуутай хамт зургаа авахуулж буй хөгжилтэй хэсгүүд ч багтжээ. Уран бүтээлчийн зүгээс энэхүү клипийг Мексикийн үзэсгэлэнт байгальд хүндэтгэл үзүүлэхээс гадна тус улсад авсан урам зориг, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн бүтээл хэмээн тодотгосон байна.

"Mexico Honey" дуу нь түүний зургаа дахь студийн цомог болох "Middle of Nowhere"-д багтсан юм. Тавдугаар сард гарсан тус цомог нь Billboard 200 жагсаалтын гуравдугаарт бичигдсэн амжилтыг үзүүлээд байна. Тус цомгийн өмнөх гол сингл нь "Dry Spell" нэртэй дуу байв.