АНУ-ын нийслэл Вашингтон хотын бэлгэдэл болсон Линкольны дурсгалын цогцолборын усан сан саяхан олны анхаарлыг татах болсон ч энэ нь төлөвлөж байснаас тэс өөр шалтгаантай байв. Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгаар тус усан сангийн ёроолыг АНУ-ын төрийн далбааны өнгөөр буюу цэнхэр өнгөөр будаж, илүү сүрлэг харагдуулах төслийг хэрэгжүүлсэн билээ.
Гэвч байгалийн хүчин зүйлийг хүн хүчээр дийлсэнгүй. Будгийн ажил дууссанаас хэдхэн хоногийн дараа усан санд замаг эрчимтэй үржиж, ус нь цэнхэр өнгөө алдан өтгөн ногоон өнгөтэй болж хувирчээ. Энэ нь жуулчдын хувьд багагүй бухимдал төрүүлж байна. Хятадаас ирсэн 43 настай жуулчин Фарра Лу “Миний авсан зургуудад ногоон өнгө нь маш тод харагдаж байна. Гэхдээ яах вэ, зүгээр л аппликейшн ашиглан шүүлтүүр тавьж, энэ замгийг нуухаас өөр арга алга” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Трампын засаг захиргаа тус дурсгалт газрыг илүү “өнгөлөг” харагдуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч байгалийн жам ёсны энэ үзэгдэл эрх баригчдын төлөвлөгөөг багагүй саатуулж байна. Одоогоор эрх бүхий байгууллагууд усны чанарыг сайжруулах эсвэл замгийг цэвэрлэх тал дээр тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм.
Линкольны дурсгалын сан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн чухал дурсгалт газруудын нэг бөгөөд жил бүр сая сая жуулчид зочилдог. Трампын “брэнд” болгох гэсэн энэхүү оролдлого нь олон нийтийн дунд багагүй маргаан дагуулж, зарим нь үүнийг хэтэрхий их хөндлөнгийн оролцоо гэж үзэж байгаа бол зарим нь түүхэн дурсгалт газрыг шинэчлэх нь зөв алхам гэж дэмжиж байна.