Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн хоёр том од болох Мадонна болон Кайли Миноуг нар анх удаа хамтарсан уран бүтээлээ танилцууллаа. Тэд Мадоннагийн долдугаар сард гаргасан "Confessions II" цомогт багтсан "Love Sensation" дууны хоёр шинэ ремиксийг наймдугаар сарын 6-ны өдөр цацсан байна.

Энэхүү төслийг Мадоннагийн цомгийг продюсерлосон Стюарт Прайс удирдан явуулжээ. "Afterhours Radio Edit" хувилбар нь эх хувилбартайгаа төстэй боловч хоёрдугаар бадаг дээр Кайли Миноугийн хоолой нэмэгдсэн байна. Харин "Afterhours Mix" хувилбар нь эх хувилбараас эрс ялгаатай бөгөөд илүү урт, эрчимтэй хэмнэлтэй бүтээл болжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Амстердам хотноо болсон "WorldPride" наадмын үеэр хоёр дуучин хамтдаа тайзан дээр гарсны дараа зарлагдсан юм. Тухайн үед Мадонна 30 минутын турш тоглолт хийхдээ Австралийн поп од Кайли Миноугтай хамтарсан үзүүлбэр үзүүлсэн билээ.

"Love Sensation" дуу нь өнгөрсөн долоо хоногт "Dance Airplay" жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Мадоннагийн "Confessions II" цомог нь долдугаар сард "Hot 100" жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Энэхүү амжилтаараа Мадонна 2020-иод он болон өмнөх гурван арван жилийн турш цомог нь жагсаалтыг тэргүүлсэн анхны уран бүтээлч болсон байна.