Поп хөгжмийн ертөнцийн хатан хаан Мадонна өөрийн олон жилийн хамтрагч, хөгжмийн продюсер Уильям Орбит таалал төгссөн явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан талийгаачийн дурсгалд зориулсан сэтгэл хөдөлгөм илгээлтийг нийтэлсэн байна.
Мадонна хамтын ажиллагааныхаа эхлэлийг дурсахдаа: "Тантай уулзаж, хамтран ажиллаж эхлэх үед надад гэнэтийн нээлт тохиосон. Хөгжим заавал тодорхой төрөл жанрт баригдах албагүй гэдгийг би ойлгосон. Тиймээс бид өөрсдийн гэсэн хэв маягийг бүтээсэн" хэмээжээ. Тэрээр мөн 1999 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр хамтдаа зогсож байсан бичлэгийг хуваалцсан бөгөөд тэдний хамтран бүтээсэн "Ray of Light" цомог нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан түүхтэй.
Продюсер Уильям Орбит нь Мадоннагийн "Justify My Love", "Erotica" зэрэг дуунуудыг ремикс хийж эхэлсэн бөгөөд хожим 1998 оны "Ray of Light" цомог дээр голлон ажилласан юм. Түүний техно, трип-хоп болон даунтемпо урсгалыг хослуулсан өвөрмөц дуугаралт нь Мадоннагийн уран бүтээлд шинэ өнгө төрх нэмсэн билээ.
Мадонна дурсамждаа: "Та миний доторх ид шидийн товчлуурыг дарж, би биелэгдээгүй мөрөөдлийн галактик руу унасан. Таны хөгжим надад нисэх ид шидийн хивс болж өгсөн. Та миний хувьд миний гэрэлт цацраг байсан" хэмээн бичжээ. Тэрээр мөн "Beautiful Stranger", "American Pie" болон 2000, 2012 оны цомгууд дээр хамтран ажиллаж байснаа дурдаад, "Би таныг болон бидний хамтдаа өнгөрүүлсэн ид шидийн цаг хугацааг хэзээ ч мартахгүй" хэмээн харамсал илэрхийлсэн байна.
Уильям Орбит нь 69 насандаа таалал төгссөн бөгөөд түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байна.