NFL буюу Америкийн хөлбөмбөгийн лигийн Питтсбург Стилерс багийн ахлах дасгалжуулагч Майк Томлин 2013 онд Балтимор Рэйвенс багийн эсрэг тоглолтын үеэр болсон шуугиант явдлын талаар "Not Just Football" подкастод оролцохдоо эргэн ярьжээ.
Тухайн үед гуравдугаар үед Стилерс тачдаун хийсний дараа Рэйвенсийн тоглогч Жэкоби Жонс бөмбөгийг хүлээн авч, 73 яардын зайд довтолгоо хийж шугамын дагуу гүйж байв. Энэ үед талбайн захад зогсож байсан Томлины дэргэдүүр өнгөрөхдөө мөргөлдөх шахсан юм. Зарим хүмүүс түүнийг Жонсыг зориуд бүдрүүлэхийг завдсан гэж үзэж байсан ч Томлин өөрөө үүнийг үгүйсгэж байна.
Томлин тухайн үед болсон явдлыг тайлбарлахдаа цэнгэлдэхийн том дэлгэц (Jumbotron) рүү харж байгаад баримжаагаа алдсан гэжээ. Тэрээр: "Үнэн намайг торгуулиас аварч чадаагүй. Бөмбөг цохигдсоны дараа намайг 100,000 ам.доллароор торгосон. Би юу болж байгааг харахаар дэлгэц рүү харсан. Тэгтэл дэлгэц дээр би өөрөө гарч ирсэн бөгөөд Жонс манай талын шугамаар гүйж явааг тэр үед л мэдсэн" хэмээн ярьсан байна. Мөн тухайн үеийн дэлгэцийн дүрс урвуу харагдаж байсан төдийгүй дэлгэц дээрээс өөрийгөө хармагцаа даруй зүүн тийш зайлж амжсан тухайгаа хуваалцжээ.
Энэхүү хэргийн улмаас NFL-ээс Майк Томлиныг талбайд хэт ойрхон зогсож, тоглолтод саад учруулсан хэмээн үзэж 100 мянган ам.долларын торгууль ногдуулсан бөгөөд Стилерс багийг 2014 оны драфтын эрхээсээ хасуулж болзошгүйг сануулж байсан ч баг нь ямар нэг эрхээ алдаагүй өнгөрсөн юм.
Жэкоби Жонс тоглолтын дараа Томлины зогсолт түүний хэмнэлийг бага зэрэг алдагдуулсан гэж мэдэгдэж байсан ч 2015 оны 11 дүгээр сард Томлин түүнийг Питтсбург Стилерс багтаа нэгтгэж байсан түүхтэй.