Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн шинжээч, өмнө нь Pittsburgh Steelers багийг удирдаж байсан Майк Томлин бага насандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулж байсан тухай мэдээлэл цахим сүлжээнд анхаарал татаад байна. Түүний хүү Дино Томлин энэ талаарх олон нийтийн сүлжээний нийтлэлд албан ёсны мэдэгдэл хийлгүйгээр, энгийн сэтгэгдлээр хариу үйлдэл үзүүлэн уг яриа үнэн болохыг илэрхийлжээ.
Инстаграм дахь @storytime.sports хуудаснаас нийтэлсэн нэгэн бичлэгт Майк Томлины бага насны тухай өгүүлсэн бөгөөд үүнд Дино “Энэ үнэхээр бодит үнэн” (This is pretty accurate) хэмээн бичсэн байна. Уг бичлэгийн хөтлөгч Майк Томлиныг 1970-аад оны Виржиниа мужид өсөж торнихдоо цагаан арьст хүүхдүүдтэй хамт усан санд сэлэхийг зөвшөөрдөггүй байсан тухай дурджээ. Хөршийн усан санд хар арьст хүүхдүүдийг оруулдаггүй байсан тул тэрээр коллежид орох хүртлээ сэлж сураагүй гэж хөтлөгч онцолсон байна.
Бичлэг цааш үргэлжлэн түүнийг өрх толгойлсон ээж болон эмээ нь өсгөсөн, дараа нь өөрөө бусдад үлгэр жишээ болсон тухай, мөн түүний нууц сонирхол болох Minecraft тоглоомын талаар дурджээ. Хөтлөгч “Багадаа цагаан арьст хүүхдүүдтэй хамт сэлж чадаагүй тэр хүү 12 жилийн турш Minecraft дээр зөвхөн усанд суурилсан хот босгосон нь тохиолдлын хэрэг биш байх” хэмээн өгүүлсэн байна.
Майк Томлин өөрөө багадаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байсан талаараа олон нийтэд өмнө нь ярьж баталж байгаагүй аж. Харин тэрээр Minecraft тоглоомонд дуртай гэдгээ өнгөрсөн есдүгээр сард NBC сувгийн TODAY нэвтрүүлгээр Крейг Мелвинд ярьж байжээ. Тэрээр 2014 оноос хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх гэж тоглож эхэлсэн бөгөөд тоглоомын “creative” горим дээр хот байгуулаад 12 орчим жил болж байгаагаа хуваалцсан байна. Хүүхдүүд нь томроод тоглохоо больсон ч Томлин уг сонирхлоо орхиогүй бөгөөд одоо дасгалжуулагчийн ажлаа өгсөн тул уг хоббидоо илүү их цаг зарцуулж байгаагаа дурджээ.