Бейсболын MLB лигийн «Лос-Анжелес Эйнжелс» баг 66 жилийн түүхэндээ анх удаа нэг улиралд 100 хожигдол хүлээлээ. Улирлын сүүлийн тоглолтод тэд «Сиэтл Маринерс» багт 7-3 харьцаагаар ялагдсанаар өмнө нь хэзээ ч үзүүлж байгаагүй тааруу амжилтаа бататгасан байна. Энэ тоглолтын өмнө тус баг 99 хожигдолтой байсан бөгөөд лигийн хэмжээнд нэг улиралд 100 хожигдож үзээгүй цорын ганц франчайз байсан юм.
Багийн супер од, өмнөх MVP Майк Траут энэ улиралд сүүлийн 10 жилийн хамгийн идэвхтэй тоглолтоо үзүүлж, 142 тоглолтод оролцсон боловч шийдвэрлэх сүүлчийн тоглолтод талбайд гараагүй байна. Түүний хувьд 2016 оноос хойш хамгийн олон тоглолт хийсэн улирал болсон бөгөөд 634 удаа цохилтод гарч, 22 хоум-ран, 26 дабл, 86 оноо, 54 RBI гүйцэтгэн .803 OPS үзүүлэлт бүртгүүлжээ. Тэрбээр баруун гуяны шөрмөсний гэмтлийн улмаас 17 тоглолт өнжсөнийг эс тооцвол бэртлээс хол байж чадсан юм.
Траут энэ жил төвийн хамгаалалтын байрлалдаа эргэн ирж 109 тоглолт хийсэн бөгөөд өөрт нь итгэсэн дасгалжуулагч Курт Сүзүкид MLB.com-оор дамжуулан талархал илэрхийлжээ. Гэсэн хэдий ч түүний хичээл зүтгэл багийг түүхэн уналтаас аварсангүй. «Эйнжелс» өмнө нь 2024 онд 99 хожигдож байсан дээд амжилтаа ийнхүү давж, эзэн Арте Мореногийн эрин үе төгсөх шатандаа орж байна.
Тус баг 66 жилийн түүхэндээ ганцхан удаа буюу 2002 онд «Дэлхийн цуврал»-д түрүүлж байсан бөгөөд 2014 оноос хойш плей-оффт шалгараагүй байгаа юм. Сонирхуулахад, энэ улиралд «Колорадо Рокиз» мөн дөрөв дэх жилдээ дараалан 100 хожигдсон бол MLB-ийн түүхэнд «Атлетикс» баг хамгийн олон буюу 18 удаа 100 хожигдсон улирлыг үджээ.